“HYDROFLOAT” ЗАРДЛЫГ БУУРУУЛНА

ERIEZ компаниас уул уурхайн салбарын тоглогчдод нэн таатай байж болохуйц мэдээллийг агуулсан судалгааг 2022 оны эхээр олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү судалгаагаар нунтаглалтын схемд “HydroFloat CPF” системийг суурилуулснаар тээрмийн ачааллыг мэдэгдэхүйц бууруулан эрчим хүчний хэрэглээг хоёр дахин багасгаж байгааг харуулжээ. Судалгааны үр дүнгээс харахад тээрмийн нийт тэжээлийн 30 орчим хувийг уламжлалт хөвүүлэн баяжуулалтаас /флотаци/ өмнө хэлхээнээс салгаж улмаар хөвүүлэн баяжуулалтын хүчин чадлыг 40%-аар, нунтаглалтын эрчим хүчний хэрэглээг 30-50%-аар, мөн хаягдлын менежментийн зардлыг 30%-аар тус тус бууруулж байв.

Судалгаанд дурьдсан шийдлийг нэвтрүүлж ашиглах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой болохыг “Хойд Америкийн үйлчлүүлэгчдийн судалгааны мэдээлэл”-д мөн онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ усан хангамжийн хомсдолтой алслагдсан газруудад нэвтрүүлэхэд үр ашиг нь мэдэгдэхүйц байх болно гэж “ERIEZ” компанийн зүгээс тодотгов.

Тэгвэл “HydroFloat CPF” гэж юу вэ? Энэ нь агааржуулан буцлах давхаргат (aerated fluidized bed) сепаратор бөгөөд флотацийг гравитацийн баяжуулах технологитой хослуулж синергетик нөлөөг (synergistic effect) ашигладгаараа онцлогтой шинэ технологи юм. Үүнийг ашиглах нь баяжуулах технологиудыг дангаар нь хэрэглэснээс илүү үр дүнд хүргэх боломжтой. Өөрөөр хэлбэл агаарын бөмбөлгүүд хий шингэний системээр (fluidization system) тархаж шилжилтийн бүсээр (hindered-setting zone) нэвтрэн гидрофоб /нордоггүй/ шинжтэй эгэл хэсгүүдийг наалдуулдаг. Ингэж орчны нягтыг өөрчлөн мөхлөгийг хөвөх чадвартай болгосноор флотацийн камерын дээд хэсэгт гарч ирдэг. Хүнд нягттай фазыг ашигласнаар буцлах давхарга нь хутгалтын тэнхлэгийн дагуу хөдөлгөөнийг арилган том ширхэглэлтэй мөхлөгийн тогтоох хугацааг нэмэгдсэнээр агаарын бөмбөлөг болон эгэл хэсгүүдийн харилцан үйлчлэлийг ихэсгэж флотацийн хурд сайжирна.

Үүний үр дүнд бүрэн болон хагас чөлөөлөгдсөн ашигт хольцын мөхлөг авалтын үзүүлэлт өндөр байгаа нь харагдаж байна. Мөн “HydroFloat CPF” сепараторыг өнгөт металлын хүдрүүд, аж үйлдвэрийн эрдсүүд, төмрийн хүдэр, сульфид, кали, фосфор, литийн эрсдүүд болон бусад эрдсүүдийн хэрэглээнд хэрэглэж болно. Үүн дээр нэмээд том ширхэглэлтэй ашиггүй хольцоос урьдчилан ялгалт болон хаягдал дээрх хяналтын баяжуулалтад хэрэглэгдэх боломжтой.

Дээрх шийдэл нь ханган нийлүүлэгч ч судалгаа хөгжүүлэлтийн явцад хэрхэн шинийг санаачилж болдгийг харуулсан сайн жишиг юм. “ERIEZ FLOTATION DIVISION”-н дэд ерөнхийлөгч Eric Bain Wasmund хэлэхдээ “манай баг одоогийн ашиглагдаж буй технологиудын хүчин чадлыг өсгөж үр ашгийг  нэмэгдүүлэх бус харин бид 100 гаруй жил огт өөрчлөгдөөгүй флотацийн үндсэн зарчмыг бүтнээр нь дахин эргэн харж өөрчлөхөд анхаарлаа хандуулж байна” гэжээ.

Эх сурвалж: https://www.e-mj.com/equipmentgallery/study-hydrofloat-cuts-costs/

HydroFloat Flotation (eriez.com)